Айл гэрийн хос багана-Хоол урлахуйн хос Мастер

Дэлхийн тогооч нарын холбоо
11 сар 19, 2018
Хүүхдийн хоололт
1 сар 22, 2019

Айл гэрийн хос багана-Хоол урлахуйн хос Мастер

Шалмаг хурдан хөдөлгөөн, тод яриа, нүүр дүүрэн инээмсэглэх нь Монгол улсын мастер нарийн боовны тогооч Д.Ганхуяг ахын имидж гэлтэй. “Амтшим бэйкэри”-г зорин ирсэн үйлчлүүлэгчид тэдний найрсаг харилцаанд юун түрүүн татагддаг болов уу гэж сэтгүүлч миний бие ажиглаж сууснаа нуух юун. Харин түүний гэргий Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт сэргээн засал төв(ДССЗТ) Жаргалант сувиллын ерөнхий тогооч Монгол улсын мастер тогооч Б.Буянтуул “Биднийг нисэхийн хоёр гээд хүмүүс андахгүй шүү дээ” гэж хуучилж байсан тэрээр 1985 онд тогооч, нарийн боовчин мэргэжлээр сургуулиа төгсч улмаар ИНЕГазарын Буянт-Ухаа ресторан, Жаргалант цогцолбор, МИАТ ХК-д тогооч, ерөнхий тогооч, үйлдвэрлэлийн менежер зэрэг албыг хашиж, улсад 30 дахь жилдээ ажиллаж буй.

“Тогооч гэдэг хүний харах, үнэрлэх, амтлах гурван мэдрэхүйг баясгаж чаддаг, үнэхээр буянтай ажил шүү дээ” хэмээн мэргэжлээрээ бахархах нэгэн айлын хос багана, хоол урлахуйн салбарын хос мастер болж, бидний дунд ажиллаж, хөдөлмөрлөж яваа хоёр зочноо “Манай алдартнууд” буландаа урин ярилцлаа.

Сэтгүүлч: Гэр бүлийн хүмүүс хоёулаа нэг мэргэжилтэй болохоор бие биедээ дэмтэй байдаг байх даа. Та хоёрын өдөр тутмын ярианы гол сэдэв юу байдаг вэ?

Б.Буянтуул: Ер нь мэргэжлийнхээ дагуу их зөвлөлдөнө. Хамгийн ойрын жишээ гэхэд л баяр ёслол дөхөөд ирэхээр тухайн баяртаа тохирсон юу хийх, шинэлэг содон санаа юу гаргах вэ гээд л зөвлөх юм их гарна. Нэг мэргэжлийн хүмүүс учраас санаа оноо нэгдэж чаддаг. Нэг нэгнээсээ шүүмж авах, магтаал сонсох чинь гоё шүү дээ.

Сэтгүүлч: Үйлилгээний байгууллагад олон жил ажиллаж байгаа хүмүүс олон зүйлийг л харж ажиглаж байдаг байх. Өнөөдөр үйлчлүүлэгчдийн соёл хандлага хэрхэн өөрчлөгдөж байна?

Д.Ганхуяг: Хүмүүс үнэхээр өргөн цар хүрээтэй мэдээллээр хангагддаг болсон. Ерөнхийдөө массаараа их соёлтой болж байна. Мөн бид ч гэсэн үйлчлүүлэгчдээсээ суралцах, шинэ санаа авах, урам авах тохиолдол их байдаг.

Сэт: Гал тогоондоо, ажлын байрандаа баримталдаг зарчим юу вэ?

Д.Ганхуяг:  Бүх бүтээгдэхүүнээ шинээр нь үйлчлүүлэгчдийнхээ нүдэн дээр бэлтгэн өгөх гэсэн зармыг 2008 оноос хойш баримталж байна. Манайхаар үйлчлүүлж буй хүмүүс идэх хоолоо хэрхэн хийж байгааг шууд харах боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Бид базилик, розмарин зэрэг хоол амталгчаа үрслүүлж тариад навчит байдлаар хоолондоо хийж амталдаг. Ууттай амтлагчийг бодвол тарьсан ногоо маань амт ааг сайтай, хоолонд ч бага ордог юм.

Б.Буянтуул: Бид бас эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Зуны цагт үнэхээр сайхан шүү, хүлэмжний шинэхэн ногоогоор салад зуушаа бэлтгэж байна. Хамтран ажилладаг тариаланчдаасаа хүнсний ногоогоо дор дор нь цуглуулж хүнсэндээ хэрэглэдэг юм. Өнгөрсөн зун гэхэд л францаас оруулж ирсэн био үрээр тарьсан нарийн ногоог түлхүү хэрэглэсэн. Олон сортын, шинэхэн ногоог хэрэглэх нэг талаас урамтай шүү.

Сэт:  Хоол бол хүний оршин байхын нэг үндэс шүү дээ. Зөвхөн тогооч л өдөр бүр хоолны мэдлэгээ дэшлүүлж, эрэл хайгуул хийх биш хүн бүр, тэр дундаа гэрийн эзэгтэй нар хүнсний мэдлэгээ арвижуулж байх хэрэгтэй юм болов уу?

Б.Буянтуул: Энэ асуудал дээр үнэхээр санал нийлдэг. Ерөнхий боловсролын сургуульд гэр ахуйн хичээл гэж ордог байсан даа, одоо ямар нэртэй болсон юм бол, энэ хичээлд нь  хоол, хүнсний боловсролын талаархи хөтөлбөрийг оруулж болно шүү дээ. Хоол, хүнсний хэрэглээний зөв дадлыг хүүхэд наснаасаа эзэмшээд, тодорхой мэдлэгтэй болчихвол цаашдын амьдралд нь том хувь нэмэр болно. Зөв зохистой хооллолт гэж юуг хэлж байна вэ?, юу идэх хэрэгтэй вэ?, яагаад зарим нэг хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг вэ?, хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ, хэр хэмжээтэй идэх үү гээд л олон асуудал энэ салбарт бий.

Д.Ганхуяг: Тогооч ч гэлтгүй, гэрийн эзэгтэй хүн бүрийн мэдэж байвал зохих маш өргөн мэдээллийг багтаасан Ж.Октябрь багшийн “Таны гал тогооны ном” нилээн хэдэн жилийн өмнө хэвлэгдэж байсныг санаж байна. Би шавь нарыгаа “энэ номыг олж ав” гэж захидаг юм. Хоолны сав суулгаа хэрхэн сонгохоос эхлээд хэрэгтэй, хэрэгцээтэй олон мэдээллүүд орсон байдаг. Ийм төрлийн сайн сайн ном товхимол ер нь байхгүй биш, байдаг. Хүмүүс олж очиж, авах нь л ховор байх л даа, өөрсдөө сонирхоод, уншаад үзэх хэрэгтэй. Сүүлийн үед интернет орчинд бие биедээ зөвлөгөө өгч, хоолны жороо хуваалцах нь нээлттэй болсон. Гэхдээ олны дунд гэдэг шиг буруу ташаа мэдээлэл өгөх, бие биедээ хүндэтгэлгүй хандах, буруу хандлага бий болгох тохиолдол гарч байна. Мэдээллийн ийм нээлттэй цаг үед зөв, хэрэгтэй гэснээ ялгаж, салгаж авах нь л чухал болжээ.

Сэтгүүлч: Хүний хобби гэдэг тухайн эзнийхээ дотоод ертөнцийг нээж, харуулдаг гэдэгтэй санал нийлэх үү?  Хоббигоо уншигч нарт маань сонирхуулна уу?

Б.Буянтуул: Би их сонин хоббитой шүү дээ(инээв). Тоглоом цуглуулдаг. Жижигхэн, хөөрхөн тоглоомонд нугасгүй. Өндөгөн шоколад зээ охиноороо далимдуулж аваад л Д.Ганхуяг ахад нь зэмлүүлнэ. Миний цуглуулганд хүүхдүүд их дуртай. Зарим хүүхдүүд “өг” гэж гуйна, уйлаад авна, нууцаар авна. Хорь гаруй жил цуглуулж байна.

Д.Ганхуяг:  Би аялах дуртай. Сүүлийн 20-иод жил “ДМД МОНГОЛ” ХХК-д аялал жуулчлалын тогооч хийн, очиж үзээгүй газраараа аялж, хоббигоо баяжуулж байна даа. Аялал жуулчлалын тогооч болсноор хээрийн нөхцөлд буюу Алтай таван богд, Хөвсгөл далай, Шаргын говь гээд Монголынхоо хаа ч явсан, цаг агаарын ямар ч нөхцөл тулгарсан аялагч, жуулчиддаа Монгол тогоочийн ур чадвараа харуулсан хоолыг хийж өгөхийг хүсдэг. “Өнөөдөр бороо орж байна, та нар хоосон хоночих” гэж хэлж болохгүй шүү дээ(инээв).

Сэтгүүлч: Жуулчны хоол, хээрийн гал тогооны онцлог юу вэ?

Б.Буянтуул: Маш их онцлогтой. Хээрийн нөхцөлд хэрэглэх хүнсээ хэрхэн таньж авах, ямар нөхцөлд яаж хадгалах зэргээс эхлээд бодож эхэлнэ. Аяллын тогооч гэдэг хүн бүр хийдэг амар хялбар зүйл биш л дээ. Мэдрэмж, мэдлэг, сэтгэлгээ ч гэдэг юм уу олон чадварыг шаардаж байдаг. Хээрийн нөхцөлд аяга, таваг ариутгаж цэвэрлэх, ачаа бараагаа боох, зарим тохиолдолд хүнсээ тэмээ, моринд ачаад явах тохиолдол гардаг гэсэн.

Д.Ганхуяг:  Жуулчдад заавал иж бүрдэл хоол хийж өгдөг юм. Хөдөө хээр ил гал, хийн зуухан дээр талхаа барих, пицца, бялуу хийх ч шаардлага гардаг.  Туршлага, нэг талаас дурсамж болсон нэг тохиолдол байдаг юм. Аяллын группын нэг хүний төрсөн өдөр болоод, бусад хүмүүс нь төрсөн өдрийн лаа үлээлгэмээр байна гэлээ. Бидэнд бэлдэж авч явсан лаа байхгүй юм чинь, дор бүрнээ сандарсан хүмүүс. Гадныхан их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг юм байна лээ. Тэгээд ганц байсан бүдүүн лаагаа хутгаар сайхан зороод баярын лаа болгож, хүнд даалгавраасаа мултарсан даа(инээв).

Сэтгүүлч: Хоол, нарийн боов хоёроо хослуулан авч явдаг нь Буянтуул эгчийн онцлог юм болов уу?

Б.Буянтуул: Тогоочийн мэргэжил эзэмшихэд хоол, нарийн боовыг хамт заадаг. Тогооч нар ерөнхийдөө халуун хоолоо дагнах, хүйтэн цехээ барих ч юм уу аль нэгийг нь дагначихдаг. Буянт-Ухаа ресторанд ажиллаж байхдаа халуун хоолоо нэг сар хийж, хүйтэн цех, хоол бэлтгэл зэргээ ээлжлээд нэг, нэг сар хийдэг байсан учраас аль нэгийг нь орхигдуулалгүй авч явж байна.

Сэтгүүлч: Та нисэхийн салбарт тасралгүй 30 жил ажилласан байна шүү дээ.

Б.Буянтуул: Тийм ээ. Миний аав Монгол улсын гавьяат нисгэгч Баатар, ээж минь Монголын анхны эмэгтэй нисгэгч Дашдорж гэж хүн бий. Ээж, аав хоёр минь Монголын хамгийн анхны гэр бүлээрээ нисгэгч хүмүүс. Тийм болоод ч тэр үү миний амьдрал ер нь нисэхтэй бүхий л талаасаа холбоотой байдаг юм шиг ээ(инээв).

1986 онд Буянт-Ухаа шинэ нисэх буудлыг нээгдэхэд ажилд орж, онгоцны хоолыг анх боож байлаа. МИАТ-ын катерингийн салбартаа 4 жил, 2010 оноос хойш Нисэхийн амралт, сувиллын цогцолборт ажиллаж Нисэхийнхээ салбарыг бүгдийг нь тойроодд үзчихсэн. Одоо ч гэр бүлээрээ нисэхдээ ажиллаж, амьдарч байна.

Сэтгүүлч: Урилгыг маань хүлээн авч “Монгол тогооч” сэтгүүлийн уншигчдад олон сайхан мэдээлэл өгсөн та хоёртоо баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн