Хоол хүнсний шим тэжээл анхаарал татсан асуудал

Ж.Октябрийн нэрэмжит булан
1 сар 22, 2019
Баруун хязгаарт ажиллаж, амьдарч буй эгэл хүн Ж.Пүрэвсүрэн
1 сар 22, 2019

Хоол хүнсний шим тэжээл анхаарал татсан асуудал

Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эх орондоо үйлдвэрлэж байсан органик хүнсний бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ багасч, гадаадаас бэлнээр нийлүүлэх импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэж, улмаар дэлгүүр, хүнсний зах, нийтийн хоолны газарт стандарт хэмжээнээс давсан чихэр, давс, өөх тос ихтэй хоол хүнс ихээр зарж борлуулах болсон нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлэх болсон. Улмаар “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2025 онд хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Өнөөгийн байдлаар манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54,4 хувь, 5 хүртэлх насны 6 хүүхэд тутмын нэг буюу 16,7 хувь, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг буюу 12,5 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Мөн нийт хүн амын жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ 1988 оны түвшингээс бага буюу хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээнд хүрэхгүй байгаа судалгаа гарчээ.

Зохистой эрүүл хооллолт, үүний сацуу дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэв маяг нь аливаа өвчинд өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх нэгэн арга юм. Зохистой хооллолт гэж яг юуг хэлж буй талаар тодруулбал, өөрт шаардлагатай шимт бодисыг хоол хүнсээр дамжуулан авах ба аливаа нэг хүнсний хэт их эсвэл хэт бага хэрэглээнээс татгалзаж, зөв тохируулан хэрэглэхийг хэлдэг байна. Бид хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа буюу хоол хийхдээ тухайн  бүтээгдэхүүнд орших шимт бодисыг нь алдагдуулж байгаа эсэхээ мэддэггүй. Гэдсээ дүүргэх, өлсөх мэдрэмжийг арилгах зорилготой хоол иддэг гэж бид ойлгож болохгүй билээ. Хоол гэдэг хүний бие махбодид хэрэгцээт бодисыг нь өгдөг чухал зүйл. Би ногоо идэж чаддаггүй гээд л махаа идээд яваад байвал бие махбодийн тодорхой хувийг эзлэх эрдэс, аминдэмийн дутагдалд орно гэсэн үг. Тиймээс эрдэс, амин дэмээ нөхөх шаардлага эрүүл мэндийн хувьд зайлшгүй тулгарах юм. Эрхтэн системийн үйл ажиллагаанд энэхүү эрдэс, аминдэм чухал ач холбогдолтой.

Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг 6 төрөл болгон ангилдаг бөгөөд эдгээр нь бидний шаардлагатай уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс, ус гэх шимт бодисуудыг биед өгдөг байна.

Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйл ихээр нөлөөлдөг. Тиймээс хоол тэжээлийн байдлыг сайжруулах асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд бус харин хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг бусад салбарын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан зохицуулах шаардлагатай болохыг Засгийн газар мэдэгдэж байна.

Дээр дурдсан “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-т томьёолсноор “насанд хүрэгчдийн эрүүл хооллолт” гэдэг нь:

-өдөрт хамгийн багадаа 400 гр жимс, ногоо хэрэглэхийг (жимс, ногооны бүлэгт төрөл бүрийн жимс, ногоо, шош (сэвэг зарам, вандуй), самар, бүхэл үр тариаг (боловсруулаагүй эрдэнэ шиш, шар будаа, овьёос, буудай, бор будаа, бүхэл үрийн гурил) оруулах бөгөөд төмс, амтат төмс зэрэг үндэслэг ургамал болон бусад цардууллаг үндэс нь жимс, ногооны ангилалд хамаарахгүй);

-илчлэгийн хэрэглээ зарцуулалттайгаа тэнцүү буюу чихрийн хэрэглээ нь өдөрт 50 граммаас ихгүй байхыг;

-өөх тосны хэрэглээ нь өдрийн нийт илчлэгийн 30 хувиас бага хэмжээнд байхыг  (ханасан өөх тосыг бага хэрэглэх, үйлдвэрийн транс тос агуулсан хүнс нь эрүүл хүнсэнд хамаарахгүй);

-өдөрт 5 граммаас (ойролцоогоор 1 цайны халбага) бага хэмжээтэй иоджуулсан давс хэрэглэхийг хэлнэ гэжээ.

Харин “нялх, балчир насны хүүхдийн эрүүл хооллолт” хүүхэд 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллох, хүүхэд 6 сартайгаас эхлэн эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ олон нэр төрлийн тэжээллэг, аюулгүй нэмэгдэл хоолоор хооллох, хүүхэд 2 нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг тодорхойлжээ.

Манай улс жимс, жимсгэний хувьд хэрэглэгч орон, импортын бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангадаг. Гэвч импортоор оруулж ирж буй жимс жимсгэний үнэ дйилэнх иргэдийн амьдралын түвшингээр авч үзвэл тансаг хэрэглээний бүтээгдэхүүн болох жишээтэй. Мөн хадгалалт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан шимт тэжээлийн байдал бүрэн хангасан жимс жимсгэнэ худалдаалагдаж буй эсэх нь тодорхойгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн