ЭГЭЛ ХҮН

“Эгэл хүн” булангаараа та бүхэнд Монгол улсын баруун хязгаарт төрж өсөн, ажиллаж, амьдарч буй эдийн засагч, тогооч, бизнес эрхлэгч Жанчивдоржийн Пүрэвсүрэнг танилцуулахаар шийдсэн юм. Тэрээр төрөлх нутагтаа хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлж, шинэ санаа, шинэлэг ажлуудыг эрэлхийлэн, бодитоор хэрэгжүүлж буй эгэл хүн юм.

 Баян-Өлгий аймгийн уугуул Ж.Пүрэвсүрэн

Сайн байна уу. Танай сэтгүүлийн эрхэм уншигчидад болон танай редакцийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд өөрийгөө танилцуулах нь зөв байх л даа. Намайг  Баян-Өлгий аймгийн уугуул Жанчивдоржийн Пүрэвсүрэн гэдэг. Нийтийн хоолны салбарт арван тав дахь жилдээ ажиллаж байна.

МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн

Хос мэргэжилтэй гэж хэлэх юм уу даа(инээв). 1997 онд МУИС-ийг Эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Баян-Өлгий аймгийн банкны системд 10 жил ажилласан. Энэ хугацаандаа өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд тогооч мэргэжлийг мэргэжлийн сургалт дамжаанд сууж эзэмшсэн. 2010 оноос үндсэндээ банкны ажлаа орхиод хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  тууштай ажиллаж эхэлсэн юм.

Аялал жуулчлалын таатай бүс гэдэг утгаараа Баян-Өлгий аймагт үйлчилгээний салбарууд илүү хөгжиж байна

Баян-Өлгий аймаг “Алтай таван богд” уулаараа аялал жуулчлалыг татдаг. Түүнчлэн Казах үндэстний бүргэдийн баяр жилд хоёр удаа зохиогдох болсонтой холбогдуулан гадаад, дотоодын аялагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Жуулчдын хоол хүнсний хэрэглээг хангах зайлшгүй шаардлага орон нутагт давхар үүсч байгаа юм. Үүнийгээ дагаад манай аймгийн зочлох үйлчилгээ нилээд сайжирч байгаа шүү. Гэхдээ алдаа дутагдал байна л даа. Тодруулбал мэргэжлийн тогооч нарын хомс байдал, тэнд ажиллаж буй тогооч нар маань өөрсдийгөө болон өөрийн эзэмшсэн  мэргэжлээ үнэлэхгүй, ойлгохгүй байх хандлага бий.

Жуулчлалын тоо энэ онд 30 хувь нэмэгдсэн

Энэ онд жуулчдын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн тухай Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Манай үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж буй жуулчид хөл тасрахгүй, ачаалал нь нэмэгдсэн нь бодит байдал дээр мэдэгдэж байна.

2018 онд аймгийн тогооч нартаа сургалт, тэмцээнүүдийг зохион байгууллаа

Нийслэлээс алс, хамгийн хол оршдог аймгийн хувьд тогооч нар маань төдийлөн нийтийн сургалт, уралдаанд оролцолгүй хоцрогдоод байдаг тал бий. Гэхдээ уралдаан, тэмцээн, сургалтууд тогтмол явуулах нь бидний ажил мэргэжилд үнэхээр чухал байдаг. Нэг зуу гаруй тогооч оролцсон зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаанаа зохион байгуулж, шилдэгүүдээ тодруулсан. Энэ үеэр салбартаа гучин жил ажиллаад огт ийм уралдаан тэмцээнд орж байгаагүй хүмүүс их байсан. Улмаар Баруун бүсийн ажил мэргэжлийн уралдаан Говь-Алтай аймагт зохион байгуулагдахад манай аймгаас баг бүрэлдэхүүн оролцоод ирсэн. Тэмцээн бүрээс шинэ зүйл, туршлага судалдаг учраас аймгийн тогооч нар маань идэвхитэй оролцох болсон. Монголын тогооч нарын Холбооны 25 жилийн ойд зориулж буй улсын аварга шалгаруулах тэмцээнд ч мөн Баян-Өлгий аймгийн тогооч нар оролцохоор ирсэн. Цаашдын ажлуудад ч идэвхитэй оролцох болно.

Баруун аймаг тэр дундаа Баян-Өлгийд зах зээл бий

2002 оноос эхлэн анх зургаан хүнтэй зоогийн газар нээж байлаа. 2009 онд ресторанаа нээж 15 хүн ажиллаж эхэлсэн. 2017 оны 4 сард  дэргэдээ номын худалдаатай “кофе шоп” салбар нээж үзлээ. Хүмүүс үнэхээр талархалтай хандсан шүү. Бараг анх удаа кофе ууж үзэж, танилцаж байгаа хүн ч орж ирнэ.  Нэг жил гаруйн хугацаанд манай аймгийнхан жинхэнэ эспрессо кофе ууж сурж байна(инээв).  Номын худалдаа маань ч гэсэн хүмүүст их хүрсэн. Интер номын дэлгүүртэй гэрээ байгуулж тухайн дэлгүүрийн үнээр монгол хэл дээрх номуудыг худалдаалж байна.

МТнХолбооны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе

Өмнө нь дор бүрнээ ажлаа хийгээд явдаг хүмүүс байлаа. Тогооч нарын холбоод байдаг гэдэгийг мэддэг ч төдийлөн хандаж, харилцаа холбоо тогтоож байгаагүй. Гэхдээ мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухал болохыг ойлгосон л доо. Чухал хариуцлагатай, өндөр ачаалалтай мэргэжлийн хүмүүс бол  тогооч нар юм. Салбарын ууган холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Манай аймгийн төлөөлөгчид улсын аварга шалгаруулах тэмцээн, баярын арга хэмжээнд оролцож байна.

Цаашид олон ажил төлөвлөсөн

Орон нутгийн телевизээр иргэдэд зориулсан зөв, зохистой хооллолтыг дэмжих цуврал нэвтрүүлэг гаргахаар төлөвлөж байна. Мөн нутгийн хөгжил, хүн амруу чиглэсэн олон олон ажлыг хийх төлөвлөгөө бий.

1 сар 22, 2019

Баруун хязгаарт ажиллаж, амьдарч буй эгэл хүн Ж.Пүрэвсүрэн

“Эгэл хүн” булангаараа та бүхэнд Монгол улсын баруун хязгаарт төрж өсөн, ажиллаж, амьдарч буй эдийн засагч, тогооч, бизнес эрхлэгч Жанчивдоржийн Пүрэвсүрэнг танилцуулахаар шийдсэн юм. Тэрээр төрөлх […]
1 сар 22, 2019

Ж.Октябрийн нэрэмжит булан

Жанчивын Октябрь нь хоолны инженер-технологич мэргэжилтэй бөгөөд улс төрийн дээд боловсролтой сэхээтэн. Түүхийн ухааны доктор, профессор Ж.Октябрь нь 2009 онд ШУТИС-ийн хүндэт профессор цолыг хүртсэн байдаг […]